“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” бизнес удирдагчдын үндэсний IV форумыг амжилттай зохион байгууллаа

Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал бизнес удирдагчдын үндэсний IV  форумыг амжилттай зохион байгууллаа

Улс орны нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжил нь Бизнесүүдийн хариуцлагатай хөгжлөөр хөтлөгддөг билээ. Сүүлийн зуухан жилийн дотор өндөр хөгжилд хүрч чадсан Азийн орнуудын жишээг авч үзэхэд л, томоохон бизнесүүд нь хүчирхэгжиж, олон улсын зах зээлд гарах, ингэхдээ улс эх орон, ард иргэдийнхээ өмнө нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаанууд хэрэгжүүлж ирснээр үндэстнийхээ хөгжлийн хөтөч болж ирсэн гэдгийг бид мэднэ.

Тэгвэл, Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй ТОП 150 байгууллага болон жижиг дунд бизнесүүдийн үйл ажиллагааг нийгмийн капитал болон байгаль орчны капиталд хэрхэн эерэг хувь нэмэр оруулах боломжтой, тэрхүү арга хэмжээгээ хэрхэн өөрийн бизнест ч ашигтай, үр өгөөжтэй байдлаар хэрэгжүүлж болох вэ гэдэг тал дээр олон улсын шинэ тутам мэдлэг мэдээлэл өгсөн, ажил олгогч, бизнес удирдагчдыг нэг дор хуран цуглуулсан “Нийгмийн хариуцлагын манлайлал-2018 үндэсний IV форумыг амжилттай зохион байгуулагдлаа.

2014 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус форум нь авилгын эсрэг арга хэмжээ, ил тод байдал, компанийн нийгмийн хариуцлага ба сайн засаглал, байгаль орчинд ээлтэй бодлого, хөдөлмөр эрхлэгч иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөтөлбөрүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн аюулгүй байдал, тэгш эрх, хэрэглэгчдийн мэдээллийн хамгаалал ба мэдээллийн аюулгүй байдал, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бизнесүүд татварын хөнгөлөлт урамшуулал эдлэх боломж, ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа, банк санхүүгийн байгууллагуудын тогтвортой санхүүжилтын бодлого зэрэг сэдвүүдийн хүрээнд төрийн, олон улсын болон бизнесийн байгууллагуудын сайн туршлага, салбарын шинэ тутам мэдлэг мэдээллийг хэлэлцэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Форумын ерөнхий зохион байгуулагчаар ОШМИ ГРУПП, Ивээн тэтгэгчээр Оюу Толгой, Би Си Ай, Сансар сүлжээ дэлгүүрүүд ажилласан байна. Оролцогчоор 200 байгууллагын Ерөнхийлөгч, Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирлууд оролцсон үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Форумын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт зочид төлөөлөгчиддөө талархал илэрхийлье!