Эрүүл аюулгүй, ажлын байр-эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форум гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн (ОШМИ ХХК)-ийн зүгээс  ажил олгогч, удирдлагуудад чиглэсэн ХАБЭА-н асуудлаарх хэлэлцүүлэг, уулзалтыг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаад “Эрүүл, аюулгүй ажлын байр” сэдвийн дор эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форумыг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Форумд бизнесийн бүхий л салбарын төлөөлөл болох 80 гаруй үндэсний шилдэг байгууллагуудын эмэгтэй гүйцэтгэх удирдлагууд хамрагдсан ба урилгаар салбарын төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоодын удирдлагууд болон ОУ-ын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Энэ удаагийн форумын зорилго нь бизнес эрхлэгч, ажил олгогч эмэгтэйчүүдэд зориулан эрүүл, аюулгүй хөдөлмөрийн орчинг хэрхэн бий болгох, сайжруулах талаар мэдээлэл өгөх, салбарын шилдэг туршлагыг солилцох, тэднээр ХАБЭА-н салбарын манлайллыг түүчээлэхэд оршиж байв.

Форумыг нээж МҮХАҮТ-ийн дарга М. Оюунчимэг  үг хэлж ОШМИ ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мойлтмаа “ОУ-ын ХАБЭА-н хөгжлийн төлөв эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал” сэдвээр сонирхолтой илтгэлийг тавьсан бол  Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны ХХБЗ-ын газрын дарга Б.Алимаа “ХАБЭА-н талаар төрөөс баримталж буй бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Харин форумын хоёрдугаар хэсэгт ЭСТО ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Урангоо “ХАБЭА-н ОУ-ын стандарт OHSAS 18001 стандартыг үйл ажиллагаандаа нэврүүлсэн шилдэг туршлага, байгууллагын үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл”,  Эко орчин ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Лхагвасүрэн “Нэгдмэл Удирдлагын тогтолцоог  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн шилдэг туршлага,бизнесийн хөгжилд нөлөөлж буй нөлөөлөл” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж эмэгтэй ажил олгогч, удирдлагуудтай туршлагаасаа хуваалцлаа. Мөн форумын үеэр эмэгтэй ажил олгогч, удирдлагуудтай “ХАБЭА-н эрсдэлийг бууруулснаар тогтвортой байдлыг хангах нь” сэдвээр ОШМИ ТУЗ-ийн гишүүн Г. Цогтбаатар хэлэлцүүлэг өрнүүлж чөлөөт ярилцлагын хүрээнд салбарын мэдээллийг солилцож, шилдэг туршлагуудыг хуваалцсан  үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Форумын ерөнхий зохион байгуулагчаар Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн ОШМИ, хамтран зохион байгуулагчаар  Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Азийн сан,  КОЙКА Монгол гэсэн байгууллагууд дэмжин ажиллаа. Форумын үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан байгууллагууд болон хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт зочид төлөөлөгчиддөө талархал илэрхийлье!